Tuesday, February 19, 2013

Автомашины дугуйн тохиргоо



Дугуйн тавилтын өнцгийг тусгай багаж хэрэгсэлгүйгээр тохируулах боломжгүй. Иймд шаардагдах багаж бүхий мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй. Гэхдээ мэргэжлийн механик хүнээр тохируулах шаардлагатай эсэхийг хялбар тогтоож болно.
Анхны шинж тэмдэг нь тэгш замаар чигээрээ явах үед машин нэг тийшээ муруйгаад байх явдал юм. Энэхүү хэвийн бус байдлын нэг гол шалтгаан бол дугуйн хийн даралт жигд биш байх явдал юм.
Дугуйн хийн даралтыг тохируулснаар дээрхи хүндрэл арилж болно.
Хэрэв дээрхи хүндрэл арилахгүй бол дугуйн тавилтын өнцгийг засвар, үйлчилгээний газарт очиж шалгуулах нь зүйтэй. Тавилтын өнцгүүд алдагдсан үед түүнийг нэн яаралтай тохируулах хэрэгтэй.
Удаан ингэж явбал дугуй түргэн элэгдэх болно. Тэгэхдээ жигд бус элэгддэг. Тэр нь дугуйн хээг гараараа 20-25 см орчим тэмтэрч үзэхэд эсвэл нүдээр харахад мэдрэгдэх болно.
Хэрэв улд дугуйн чухал бус эд ангиуд элэгдэж, гэмтсэнээс дугуйн дугуйн тавилтын өнцгүүд алдагдсан бол түүнийг тохируулахад хялбар, мөн үнэтэй биш. Харин жигд биш элэгдсэн дугуйг шинээр солиход зардал ихтэй.
Тэнцвэржүүлэг хийгээгүй, жигд бус элэгдсэн, хэлбэрээ алдсан урд дугуйнд савах, доргих, чичрэх шинж тэмдэг ажиглагддаг.
Дугуйндаа засварын газар очиж мэргэжлийн засварчнаар тэнцвэржүүлэг хийлгэж хэлбэрээ алдсан дугуйг сольж байх хэрэгтэй.
Дугуйн тэнцвэржүүлэг, савлалт, хэлбэрээ алдсан байдлыг шалгахдаа дараах зааврыг дага.
Автомашиныхаа урд талаас өргө. /домкрат ашиглан/
Хэрэв дискэн тоормос гацвал, дугуй чөлөөтэй эргэх болтол үрэлтийн накладкийг поршен, гэрт нь ойртуулж отверткаар буцаан хөш.
Дугуйгаа гараараа эргүүлэн дөрвөн байрлалд зогсоож үз.
Дугуй байрлал бүрт зогсох ёстой. Хэрэв өөрөө эргэх бол тэнцвэржүүлэг хийх шаардлагатай гэсэн үг.
Дараа нь дугуйн обод хэлбэрээ алдсан, савалсан эсэхийг утасны үзүүрт юм уяж дугуйн хажууд бариад дугуйгаа гараараа эргүүлж шалга.
Дугуйгаа авч энэ шалгалтыг тоормосны барабан болон дискэнд хий.
Хэлбэрээ алдаж савалсан дугуй, тоормосны диск, барабан зэргийг соль.
Автомашинаа буулгаад хөдлөхөөсөө өмнө тоормосны дөрөөн дээрээ хэд хэд гишгэж тоормосны накдадкийг хэвийн байрлалд нь оруулах хэрэгтэй.

Хөдөлгүүрийн тос солих шаардлага

Тос нь харьцан хөдөлж байгаа хоёр эд ангийн элэгдлийг багасгахын зэрэгцээ цилиндрийн хувьд өндөр даралттай хий нэвтрэхээс хамгаалах, металл эд ангийг зэврэлтээс сэргийлэх, шаталтаас үүсэх зарим хортой бодисыг шингээх, хөдөлгүүрийн нэг эд ангиас нөгөөд дулааныг дамжуулах зэрэгт нэмэртэй.
Тос нь хөдөлгүүрийн доор байрлах тэвшинд хадгалагдах бөгөөд шахуургын үйлчлэлээр шүүрээр дамжин тосны савуудаар гүйж хөдөлгөөнт эд ангиудыг тосолно. Тосны урсгал нь эд ангиудыг бас хөргөнө. 
Хөдөлгүүрийн түргэн хөдөлгөөнт эд ангиуд өөр хоорондоо шууд харьцдаггүй, харин тосны нимгэн үеээр хоорондоо тусгаарлагддаг.
Үүнийг шингэн динамик тосолгоо гэнэ.
Энэ нь хөдөлгүүр сул ажиллах үеэс эхлэнэ.
Аливаа гол холхивч дээрээ хөдөлгөөнтэй суудаг. Хэрэв хөдөлгөөнгүй суувал эргэх боломжгүй.
Эдгээрийн хооронд маш нимгэн зай завсар байдаг. Заримдаа энэ зай 50 мм голчтой голын хувьд 0.0076 мм нимгэн байх нь бий.
Холхивчны зайтай хэсэгт тос очно. Голын эргэлтээр тос бүх гадаргууд түрхэгдэнэ. Зай багатай хэсэг ч тослогдоно.
Ингэж хөдөлгүүрийн эд ангийн элэгдэл багасна.
Хүйтэн хөдөлгүүрийг асаах үед хэвийн даралтандаа хүрэхээс өмнө буюу тос зохих хэсэгтээ очиж амжаагүй үед элэгдэл хамгийн их байдаг. Тосны урсгал хангалттай бус бол эд ангийг түргэн элээж, металл гадаргуунууд шууд үрэлдэхэд хүргэнэ.
Мөн энэ нь поршенгийн бүсний гадаргуугийн нягтралыг алдагдуулж хөдөлгүүрийг гэмтээнэ. Тосон дахь бохирдол, шүүрний гэмтэл, тос багасах, "буруу" тос хэрэглэх зэрэг нь тосны зохистой урсгал, тосолгооны чанарт муугаар нөлөөлнө.

Хөдөлгүүрт тохирох очлуурыг сонгох нь

Янз бүрийн хөдөлгүүрт болон ашиглалтын нөхцөлд тохирох олон зуун төрлийн очлуурыг үйлдвэрлэдэг. Эдгээр очлуур нь үндсэн хэмжээ болон ажлын үзүүлэлтээрээ ялгарна.
Очлуурыг солихдоо тухайн автомашины үйлдвэрээс зөвлөмж болгосон загварыг сонгож байх нь зүйтэй. Таарч байвал боллоо гээд хамаагүй очлуур тавьж болохгүй.
Очлуурыг дулааны үзүүлэлтээр нь ангилдаг. Энэ нь тусгаарлагчаас хөдөлгүүрийн блокт дулаан дамжуулах чадвар юм.
Халуун очлуур нь дулааныг аажим дамжуулах тул удаан хугацаанд халуун хэвээрээ байдаг. Хүйтэн очлуур гэдэг нь дулааныг богино хугацаанд дамжуулж, түргэн хөрнө.
Хэт халуун очлуур нь түлшийг асах ёстой үеээс нь өмнө шатаана.
Хэт хүйтэн очлуур нь түлшийг асааж чадахгүй, очлуурын электрод хоорондын зайд тортог суулгаж болзошгүй.
Олон дахин зогсож явахад ердийнхөөс арай илүү халуун очлуур хэрэгтэй. Харин өндөр хурдтай болон хол замд ашигладаг автомашинд бол хэт халахаас зайлсхийхийн тулд ердийнхөөс арай хүйтэн очлуур шаардагдана.
Автомашиныхаа очлуурыг үе үе шалгаж, цэвэрлэх юмуу бохирдож, элэгдсэн үед нь сольж байх хэрэгтэй. 

Monday, February 18, 2013

Очлуурын бүтэц, ажиллагаа

Очлуур нь шаталтын хөндийд агаар, түлшний холимгийг асаах оч үүсгэнэ. Очлуур нь голын электрод, түүний гадна талын шаазан тусгаарлагчаас бүрдэнэ. Тусгаарлагчийн доод хэсгийг гадна талаас нь металлаар бүрсэн байдаг.
Тэрхүү металл хэсэгт очлуурыг цилиндрийн гавалд бэхлэх резьбаг гаргана. Хажуугийн электродыг бүрхүүлд гагнасан байх бөгөөд голын электродоос бага зэрэг зайтай байхаар нугалж байрлуулна.
Хуувилагчаас ирэх өндөр хүчдэлийн хэлхээний гүйдэл нь голын
электродод ирэн бөгөөд хажуугийн электрод руу үсэрч оч үүсгэнэ.
Хөдөлгүүрйиг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахын тулд очлуурын оч нь хангалттай "том", агаар, түлшний холимгийг шатаахын тулд харьцангуй "урт" хугацаагаар үргэлжлэх ёстой.
Электродын зай их бол оч том байна. Гэхдээ зай их үед оч үүсгэхийн тулд хүчдэл өндөр байх шаардлагатай.
Хөдөлгүүр бүрт очлуурын электродын тогтоосон зай байдаг(0.5 - 2 мм). Энэхүү зайг хажуугийн электродоор тохируулна.
Зай хэтэрхий их бол очлуур оч хаяхгүй байж мэднэ. Учир нь асаалтын систем оч хаях хангалттай өндөр хүчдэл үүсгэх боломжгүй байж болно. Зай хэтэрхий бага бол очлуур нь холимгийг шатаахад хүрэлцэхгүй "жижиг" оч хаяж мэднэ. Электрод нь ашиглалтын явцад элэгддэг болохоор зайг тогтмол шалгаж байх ёстой.
Очлуур ажиллахгүй байх өөр шалтгаанд бохирдох, тос болох, шаазан тусгаарлагчийн гадна тал норох, хагарах зэрэг орно.
Эдгээр гэмтэл нь очлуурын утас болон цилиндрийн гавал хооронд өндөр хүчдэлийн гүйдэл гүйх өөр замыг бий болгодог. Ингэж богино холбоо үүснэ.
Нэг очлуур оч хаяхгүй бол V-8 хөдөлгүүрийн шатахууны зарцуулалт 10 - 15%, дөрвөн цилиндирт хөдөлгүүрийнх 25 - 35% тус тус нэмэгддэг.
Орчин үеийн асаалтын очлуурт 4000 вольтын гүйдэл ирдэг ба температур нь 2500 хэм хүрдэг бөгөөд эдэлгээ нь ойролцоогоор 48000 км байдаг. 80000 км ашиглах эдэлгээтэй очлуур хийсэн боловч платиниумаар электродыг хийдэг тул үнэтэй.  

Очлуурыг шалгах /15 - 30 минут/

Очлуурыг 8.000 - 12.000 км тутамд шалгаад, элэгдэж гэмтсэн бол сольж байх ёстой. Ердийн нөхцөлд очлуурыг 16.000 - 24.000 км тутамд солих нь тохиромжтой. Очлуурт хийх үйлчилгээ нь түүний хийц, ашиглалтын горим, хэрэглэж байгаа шатахуун зэрэгээс хамаарна. Хар тугалаггүй түлшээр ажиллаж байгаа хөдөлгүүрийн очлуур нь хар тугалагтай түлшээр ажиллаж байгаагаас удаан эдэлгээтэй. Хар тугалагтай түлш нь очлуурын электродыг гэмтээнэ.
Автомашины үйлдвэрлэгчээс зөвлөмж болгосон болон "оригнал" очлуурыг хэрэглэх нь зүйтэй.
Сэлбэгийн дэлгүүрүүдэд зөвхөн 2 юмуу 3 энгийн очлуурыг зардаг.
Тэдгээр нь ихэнхи хөдөлгүүрт таарна. Энгийн очлуур нь хэмжээний хувьд таараад зогсохгүй дулааны горимын хувьд нийцэж байх ёстой.
Түгээмэл таарах очлуур нь олон загварын хөдөлгүүрт тохирдог боловч түүнийг түргэн элэгдэж байна уу, халж байна уу гэдгийг үе үе шалгаж байхад илүүдэхгүй.
Дулааны горимын хувьд илүү тохирох очлуурыг сонгох нь чухал.
Боломжтой бол шинэ очлуур худалдан авахаасаа өмнө хуучныг нь сугалж аваад өнгийг нь харьцуулж хар. Үүнээс хөдөлгүүрийн ажиллагаа ямар байгааг мэдэж болно.
Очлуурыг авахдаа цилиндрийн байрлалын дарааллаар нь хадгал.
Мөн сугалж авсан очлууртаа цилиндрийн дарааллын дугаар бүхий хаяг зүүж болно.

Автомашины дугуй

Автомашины дугуй (обод) хийхдээ эхэлж ганг хэвлэж үндсэн хэсгүүдийг хийсний дараа тэдгээрийг хооронд нь гагнадаг.
Мөн хэгээстэй болон хөнгөн цагааны хайлшин дугуйг орчин үеийн автомашинд өргөнөөр хэрэглэх болсон (эдгээр дугуйг гоёлын гэж нэрлэх нь бий).
Дугуйн жинг хөнгөрүүлэх зорилгоор магни (Mg) нэмдэг.
Ийи дугуйг зөвхөн уралдааны автомашинд ашигладаг. Учир нь уг дугуй ашиглалтын явцад хурдан зэвэрдэг байна.
Энгийн хэвлэмэл ган дугуй нь хоорондоо гагнагдаж холбогдсон обод болон диск зэргээс бүрддэг. Дугуй дискээрээ бул дээр угсарагддаг.
Дугуйг угсарахад конус үзүүртэй гайк болон шпилк ашиглана (цөөн тохиолдолд боолт ашигладаг).
Дугуйн дискэнд гаргасан конус (боолтны) нүхнүүд нь дугуйг нягт, зөв угсарахад, харин салхижуулах нүхнүүд нь тоормосны дискийг хөргөхөд туслах үүрэгтэй.
Резин дугуйг задалж угсарахад хялбар болгох үүднээс ободны төв хэсэгт хонхор гаргаж өгнө.
Ободны ирмэг нь резин дугуйг угсарч, хийлсний дараа гадагш мултархаас хамгаалдаг. Дотуур хаймаргүй дугуйг резин дугуй суух хэсэгт нэг эсвэл хоёр товруу (хамп)-тай хийдэг.
Энэ нь автомашин явж байх үед резин дугуй мултархаас хамгаалах үүрэгтэй. Хөнгөн цагааны хайлшин дугуйтай автомашинд дугуйг боох конус үзүүртэй эсвэл шайбатай тусгай зориулалтын гайкийг ашиглана. Уг гайкийг дугуйг бул дээр суурилуулахад ашигласнаар дугуйн боолтны нүхний элэгдэл багасдаг байна.
Спорт загварын автомашинд хэгээстэй дугуй тавьснаар түүний жин нь хөнгөрдөг. Уг дугуй нь обод, бултай холбогдох хэсэг, тэдгээрийг холбосон хэгээсүүд зэргээс бүрддэг.
Хэгээстэй дугуйг ихэвчлэн горвин холбоосоор бултай холбож нэг том гайкаар боодог. Харин цөөн тохиолдолд олон жижиг гайк ашиглана.

Авто машины бүтэц

Суудлын автомашиныг угсрахад дунджааар 15000 эд анги ордог бөгөөд тэдгээрийн 1500 нь түүнийг хөдөлгөхийн тулд харилцан үйлчилж, олонх нь 0,0001 нарийвчлал, зөвшөөрөгдөх хэмжээтэйгэээр харилцан холбогддог. Ердийн резинээс авхуулаад цагаан алт (платиниум) болон өндөр чанарын ган хүртэл машинд хэрэглэгддэг.
Автомашин хэрхэн ажилладаг буюу явдгийг ойлгож мэдэхэд тийм ч хэцүү биш. Эрэг,боолт, жийргэвч, дамжуулах утас, гуурс гэх мэт 15000 эд ангийн ихэнхи нь автомашины ажиллагаанд бага нөлөөтөй.
Автомашиныг асаах, хөдөлгөх, зогсоох, залахад чухал үүрэгтэй цөөхөн эд анги бий.
Орчин цагийн автомашин нь гаднах үзэмж, хийц загвар, үнэ өртөг, хүчин чадлаараа ихээхэн ялгаатай ч ажиллах зарчим нь ойролцоо.
Автомашины бүтэц хэсгийн ажиллагааг ойлгохын тулд дараахи долоон дэд хэсэгт хуваан үздэг.
Автомашин хэрхэн ажилладгийг мэдэх нь түүнийг эвдэрсэн үед юу нь болохоо байсныг мэдэх, оношлох анхны алхам билээ.

1.Хөдөлгүүр.
Хөдөлгүүрт түлшний шаталтаас 2500 градус орчим дулаан ялгарна.
Энэхүү дулааны 20%-иас хэтрэхгүй хэсэг нь л автомашиныг хөдөлгөхөд хэрэгцээтэй чадал болон хувирна.
Үлдсэн хэсэг нь хөргөлтөнд алдагдах болон утаатай гадагшилна.
Хөдөлгүүрт 150-200 орчим хөдөлгөөнтэй эд анги бий.
Тэдгээрийг хэт элэгдүүлэхгүйн тулд тосолж байх учиртай.

 
2.Хүч дамжуулах анги.
Ихэнхи автомашинд хүч хөдөлгүүрээс хойд дугуйд хурдны хайрцаг, кардан гол, дифференциал, хойд тэнхлэгээр дамжин очдог. 
Хүч дамжуулах ангийн хурдны хайрцагт хүнд дамжуулга байх бөгөөд тэр нь хөдлөх, өгсөх буюу хурдлах үед шаардагдах харьцангуй их хүчийг бий болгоно.
Харин хөнгөн дамжуулга нь хэмнэлтэй явахад буюу тэгш шулуун замаар хурдтай явахад хэрэгтэй.
3.Дугуй, резин дугуй, тоормос.
100000 орчим км яваад буюу ердийн нөхцөлд 5 орчим жил ашигласны дараа дугуй нь дунджаар 100 сая орчим эргэлдэж, 2 иж бүрдэл дугуйг элээнэ.
Автомашин 100 км/цаг-ийн хурдтай явж байгаад тоормослон зогсоход хагас литр усыг буцалгахад хангалттай дулаан ялгардаг.
4.Гүүшин.
Орчин цагийн автомашин нь пүрш буюу амортизатор бүхий гүүшинтэй.
Тэдгээр нь автомашин явах үед минутад хэдэн зуун удаа дээш доош хөдөлнө.
Энэ нь замын тэгш бусаас үүсэх донсолгоог багасган хөдлөх, хурд авах, зогсох, эргэх үед жолооч зорчигчдийн аюулгүй, тухтай байдлыг хангах үүрэгтэй.
5.Жолоо.
Нарийн хийцтэй жолооны механизмгүй бол жолооч 900-1800 кг жинтэй суудлын автомашиныг залахад дор хаяж 15 кг хүч гаргах шаардлагатай.
Харин жолооны механизм нь үүнийг 2.5 кг болтол бууруулан хөнгөвчилж өгдөг.
6.Цахилгаан систем.
12 вольтын аккумляторын батарей нь хөдөлгүүрийг асаах, гэрэл, хөгжим, дуут дохио, салхины шил, сэнс болон бусад цахилгаан хэрэгслийг ажиллуулах эх үүсвэр болдог.
Энэхүү 12 вольтын хүчдэл нь хөдөлгүүрийн асаалтын системээр 40000 вольт болтлоо өсгөгдөнө.
7.Их бие, кузов, арал.
Олонхи шинэ загварын автомашинд арал байхгүй. Түүнийг кузов орлоно. Дунджаар 40м2 нимгэн төмөр нэг автомашинд орно.
Үүний зарим нь 0.4 мм нимгэн. Автомашины их бие автомашин явах үед үүсэх чичэргээ, доргиог тэсэхээр бат бөх байх ёстой.